Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- МЭДЭЭ
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД
- ШИЛЭН ДАНС
- ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ЗУРГИЙН САН
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ТУХАЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ИЛ БОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-д заасны дагуу тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох харилцааг зохицуулна.
1.2.Энэ журмын зорилго нь тендерт оролцогчдод тендер шалгаруулалтын материалыг ил болгож захиалагч тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулсан эсэхэд хяналт тавихад оршино.
1.3.Тендерт оролцогч нь тендерийн материалд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар ил болгохыг хориглосон мэдээллийг ялгаж ирүүлэх ба тэдгээрийг хуулийн дагуу ил болгохыг хориглосон зайлшгүй үндэслэлийг бичгээр тайлбарласан байна.
Хоёр. Тендер шалгаруулалтын материалыг ил болгох
2.1.Тендерт оролцогч нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтын материалтай танилцахдаа захиалагчид бичгээр хүсэлт гаргана. Цахим тендер шалгаруулалтын хувьд тендерт оролцогч худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан хүсэлт гаргаж болно.
2.2.Захиалагч хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасан баримт бичгийг худалдан авах ажиллагааны цахим системийн холбогдох хэсэгт тухай бүр байршуулна.
2.3.Захиалагч тендерт оролцогчдын тендерээс энэ журмын дагуу заавал ил болгох материалын жагсаалтыг тендерийн баримт бичигт зааж болно.
2.4.Захиалагч гэрээ байгуулах эрх олгогдсон этгээд /цаашид “шалгарсан оролцогч” гэх/-ийн ирүүлсэн тендерээс ил болгох материалыг тендерт оролцогчдод танилцуулна.
2.5.Энэ журмын 2.4-т заасны дагуу шалгарсан оролцогчийн тендерийн материалыг ил болгох хугацаа нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг худалдан авах ажиллагааны цахим системд байршуулж, оролцогчдод мэдэгдсэн өдрөөс эхлэн ажлын 5 хоног байна. /Сангийн сайдын 2021 оны 242 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав/
2.6.Цахим бус тендер шалгаруулалтын хувьд захиалагч шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендерийн хуулбар хувиас энэ журмын 2.4-т заасан хэсэгтэй танилцах боломжийг тендерт оролцогчдод олгоно.
2.7.Цахим тендер шалгаруулалтын хувьд энэ журмын 2.2, 2.4-т заасан тендер шалгаруулалтын материалыг худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан тендерт оролцогчдод ил болгоно.
2.8.Энэ журмын 2.6, 2.7-д заасны дагуу тендер шалгаруулалтын материалтай танилцах этгээд нь нууц хадгалах тухай баталгааг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах ба тендер шалгаруулалтын материалыг аливаа хэлбэрээр хуулбарлах, дамжуулах эрхгүй байна.
2.9.Цахим бус тендер шалгаруулалтын хувьд захиалагч тендер шалгаруулалтын материалтай танилцсан тендерт оролцогчдын тухай тэмдэглэл үйлдэж, гарын үсгээр баталгаажуулна.
Гурав. Бусад
3.1.Тендерт оролцогч нь энэ журмын дагуу олж авсан баримт бичиг, мэдээллийг хууль бусаар ашиглахыг хориглох ба зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.