• 70276811
  • 2021zaamar@gmail.com
МЭДЭГДЭЛ

 Сумынхаа нийт иргэд болон манай сумтай ажил амьдралаараа холбогдсон бүх хүмүүстээ удахгүй болох Заамар сум байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн мэндчилье.

100 жилийн ойн хүрээн дэх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг Сумын ИТХ-р батлуулан ажиллаж байгаагийн нэг нь сумын төв доторх 2.83 км хатуу хучилттай авто зам билээ.

 Хөгжил дэвшлийн нэг чухал үзүүлэлтээс Заамарчууд бид 99 жил хол орхигдсон байдлыг шийдвэрлэхийн тулд анх удаа сумын төв доторх 5,6 км урттай авто замын зураг төсөв хийлгэж, суманд үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгжүүдэд хүсэлт тавьсны дагуу энэхүү замын эхний ээлж болох 2.83 км-г “Монгол майнинг” ХХК, “Заамар гоулд” ХХК, “IBBI” ХХК-иуд санхүүжүүлж, зам барилгын гүйцэтгэгч компаниа өөрсдөө тус тус сонгож гүйцэтгүүлж, замын ажил өнөөдрийн байдлаар 70%-тай үргэлжилж байна.

Гэвч орон нутгийн нөхөн сонгуультай холбогдуулан мөн сум орон нутаг дахь бүтээн байгуулалтыг эсэргүүцэгч зарим нэгэн үүнийг ард иргэдэд замын гүйцэтгэгчийг орон нутаг сонгосон мэтээр зориуд худал ухуулж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

 100 жилийнхээ босгон дээр Заамарчууд бүгдээрээ сумын төв дотроо хатуу хучилттай авто замаар зорчих боломжтой болж байгааг эсэргүүцэж энэ талаар худал мэдээлэл тараагсад байгаа нь үнэхээр харамсалтай.

 Зөв зүйлийнхээ төлөө манай танай гэхгүй хамтарч чаддаг байя аа, залуусаа 

 Эцсийн дүндээ бид бүгд Заамарчууд, бид бүгд Монголчууд.

 Энэ дашрамд орон нутгийн хүсэлтийг дэмжиж тун удахгүй нэгэн зууны түүхт баяраа тэмдэглэх гэж буй ард иргэдэд маань ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж буй дээрх компанийн хамт олондоо нийт Заамарчуудынхаа нэрийн өмнөөс дахин халуун талархалаа илэрхийлье

2023-06-15 00:00:00