• 70276811
  • 2021zaamar@gmail.com
АНХААРУУЛАХ МЭДЭЭ

Ачуутын гол орчим мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдсан бөгөөд Булган аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн ерөнхий газар, Булган аймгийн Мал эмнэлгийн газар, Булган сумын Засаг даргын Тамгын газраас хариу арга хэмжээг яаралтай авч ажиллаж байна.

Халдварт өвчний голомтын бүсэд 13 айл, сэжигтэй бүсэд 9 айл нийт 22 айлын хүн, малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэмийг тогтоон хяналтын постуудыг ажиллуулж байгаа юм байна.

Үхрийн арьс товруутах өвчин нь анх 2021 онд Дорнод аймагт гарч, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдсэн.

Энэ нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин юм.

“Үхрийн арьс товруутах өвчин” нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нэлээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй байна.

Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг аж.

Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсгэдэг байна.

Цаашид иргэд Булган сумаас, Цачиртын гүүр хүртэлх замд зогсолт хийхгүй зорчих шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

2022-08-16 00:00:00