“Эко Алт” ХХК-ны Төв аймгийн Заамар сумын Засаг даргатай байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ”нд хийсэн мониторинг судалгааны дүн PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
1 дэх өдөр, 25-12-2017 10:25

Төрийн бодлого, шийдвэр тодорхойлох явцад иргэд үзэл бодол, байр сууриа илэрхийлж өөрт олгогдсон эрхийн хүрээнд улс орны хөгжилд идэвхитэй оролцох нь ардчилсан нийгэм дэхь иргэний хүлээх үүрэг юм. Иймээс бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо нь нэг талаас ардчилсан төрийн үйл ажиллагааны ил тод байдлын илэрхийлэл, нөгөө талаар иргэдийн оролцоог төрөөс дэмжих, иргэний мэдлэг боловсролыг төлөвшүүлэх гол хүчин зүйлс байдаг.

Ардчилсан шудрага төрийн гол онцлог нь аливаа бодлого шийдвэр нь олон нийтийн  амьдралаас урган гарсан, тэдний төлөө үйлчилдэг байх явдал. Иймээс шийдвэр гаргахад ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талуудыг оролцуулснаар ил тод байх, хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг зөрчихгүй байх нөхцөл бүрддэг.

Монгол Улс ардчилсан нийгмийг байгуулж эхэлснээс хойш нийгэм, төрийн байгууламж, хууль эрхзүйн орчинд ардчиллын олон зарчмыг хэрэгжүүлж байна. Гэвч гол тулгуур зарчмын нэг болох ил тод байдал, иргэдийн оролцооны асуудал төдийлөн ахиц дэвшил гарахгүй байна. Ялангуяа бодлого шийдвэр, хууль тогтоох үйл явцын ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах явдал илт орхигдсоор иржээ.

 


 

Үүнд Эрдэс баялгийн салбарт төрийн захиргааны байгууллагатай хийгддэг гэрээнүүд хамгийн түрүүнд орно. Эрх зүйн зохицуулалтын дутагдалтай байдлаас шалтгаалан эдгээр гэрээг байгуулах үйл явц хаалттай, ил тод бус, олон нийтийн оролцоог хангаагүй, гэрээний агуулга, хэрэгжилт хангалтгүй зэрэг олон учир дутагдал байдаг. Харин 2016 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж байгаа Захиргааны ерөнхий хууль нь дээрх зөрчилтэй асуудлыг арилгаж, гэрээ байгуулах үйл явцад иргэдийн оролцоог бий болгох замаар нийгмийн шудрага ёсыг хангах, байгаль орчин, хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

 

Нээлттэй Нийгэм Форум нь захиргааны шинэчлэлийн үйл явцад идэвхтэй оролцон хуулийн төсөлд санал шүүмж өгөх шинэ хуулийн үзэл баримтлал, зохицуулалтыг иргэд, олон нийтэд мэдээлэх сурталчлах ажлыг  зохион байгуулахад нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэ хүрээнд уул уурхайн салбарт Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах, ялангуяа уул уурхайн салбарт байгуулагддаг орон нутгийн гэрээн дэх Сонсох ажиллагааны хэрэгжилтийг хянах чиглэлээр төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин мониторингийн тэтгэлэг олгосон. Энэ ажлын хүрээнд Манай “Энх ногоон” ТББ, Төв аймгийн Заамар суманд алтны шороон орд ашиглан уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа “Эко алт” ХХК-ны орон нутагтай хийсэн “Нийгмийн хариуцлагын гэрээ”-нд мониторингийн төслийг хэрэгжүүлэв.

 

Сонсох ажиллагаа гэдэг нь: иргэд, олон нийт төр захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд биечлэн оролцож, тайлбар авах , өөрсдийн санал, бодлоо тусгах үйл явцыг ойлгоно.

 

Үүний тулд юуны түрүүнд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талуудыг  тодорхойлж, “Сонсох ажиллагаа” явуулах тухай мэдэгдлийг бие төлөөлөгч, утас, мессэж, майл, мэдээллийн хэрэгслээр хүргүүлэнэ. Мэдэгдэлд “Сонсох ажиллагаа” явуулах журам, хугацаа, хаана явагдах байрлалыг дурдаж, хэлэлцэх асуудлын төслийг дэлгэрэнгүй танилцуулна. “Сонсох ажиллагаа”-г явуулахдаа  хэлэлцүүлэг хийх, сонсгол зохион байгуулах хэлбэрээр явуулах ба саналыг бичгээр, утсаар, цахимаар, төлөөлөгчөөр дамжуулан авах, биечлэн уулзах зэрэг хэлбэрүүдийг хавсарган  явуулна. “Сонсох ажиллагаа”-ны үйл явц бүрийг баримтжуулж, хэлэлцүүлэг, сонсголын тэмдэглэл хөтлөн, гарч байгаа шийдвэрт олон нийтийн саналыг хэрхэн тусгасан, тусгаагүй бол шалтгааныг тайлбарлана. “Сонсох ажиллагаа”-ны тэмдэглэл, холбогдох бүх баримт бичиг, хяналтын дагалдах хуудсыг  хавтаслан тухайн гэрээний хувийн хэрэгт хадгална.

 

Мониторингийн дүн:

 

  • Төв аймгийн Заамар сумын Засаг дарга 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Эко алт” ХХК-тай “Нийгмийн хариуцлагын гэрээ”-г байгуулсан байна.
  • Гэрээнд ЗГ-ын 179 дугаар тогтоолоор баталсан гэрээний загварт заагдсан байгаль орчныг хамгаалах асуудалд суваг шуудуу татахгүй, орон нутгийн зам харгуйг хөндөж хаахгүй гэсэн бол бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээнд Тосон багийн дарга, багийн эмчийн байрны засвар, 12 жилийн сургуулийн кабинет тохижолт, Соёлын төвийн номын сангийн баяжилт хийх, ажлын байр нэмэгдүүлэх асуудалд Сумын оёдлын цех, дэлгүүр, малчдын хоршоодтой гэрээ байгуулж мах, сүү авах, 5 оюутны төлбөрийг хариуцах асуудлуудыг тусгажээ.
  • Гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан  бөгөөд гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, тайланг 02 дугаар сарын 01-ны дотор аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэхээр заасан байна.
  • Заамар сумын Засаг даргад аймгаас даалгавар өгч 1 сард багтаан бүх ААНБ-тай орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулахыг үүрэг болгосон тул Заамар сумын Засаг дарга Б.Самбуу 2017 оны 1 сарын 27-ны өдөр компанийн “Нийгмийн хариуцлагын “ гэрээг байгуулсан тул гэрээг байгуулахдаа ЗЕХ-ийн “Сонсох ажиллагаа”-ны журмыг хэрэгжүүлээгүй байна.

 

ЗЕХ-ийн “Сонсох ажиллагаа”-ны журмыг хэрэгжүүлээгүй гэсэн үнэлгээг бидний авсан анкетын судалгаа болон тус гэрээний хувийн хэрэг байхгүй байгаа, фокус бүлгийн ярилцлагад оролцсон хүмүүсийн мэдээлэл, танилцуулаг, асуулгын дүнгээр нотлогдож байгаа юм. (Тахирмаг 1,2,3.) Гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд сумын тохижолт, хөгжилд зориулсан цөөхөн асуудал төлөвлөгдөж тус компанийн үйл ажиллагаа явагдаж байгаа Хайлааст багийн нийгмийн хөгжилд зориулсан асуудал тусгагдаагүй ерөнхий хийгдсэн байна. Энэ нь нэг талаас Засаг дарга богино хугацаанд олон компанийн гэрээг 1 өдөр бөөндөж хийсэн, нөгөө талаас “Эко алт” ХХК-ны нийгмийн хариуцлага сул, байгаатай холбоотой юм. Мөн Заамар сумын Засаг дарга, ИТХ, засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд болон холбогдох хүмүүс Захиргааны ерөнхий хууль болон “Сонсох ажиллагаа”-ны талаар мэдээлэлгүй байна.

 

“Эко алт” ХХК нь Баянголын эхэд нутаглаж байгаа малчидтай хавар, намар уулзаж бэлчээр, зам, худаг усны талаар ярилцан санал солилцдог, 2017 онд малчдын 9 өрхөд 100 боодол өвс өгсөн, малчдад зориулж мотортой 2 худаг тавьж өгсөн гэх боловч бэлчээр, худаг, зам хашиж, хаах, суваг шуудуу татах зэрэг зөрчил гаргаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд Заамар сумын ЗД болон ИТХ-ын хамтарсан үзлэг шалгалтаар ч ихээхэн зөрчилтэй компанийн тоонд орсон байна.“Эко алт” ХХК-ныг төлөөлж гэрээ байгуулсан захирал Д. Дашчойнхор  болон тус компанийн бусад удирдлагууд судалгааны багт мэдээлэл өгөхөөс  удаа дараа зайлсхийж, албан ёсоор хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй.

 

Заамар сумын ИТХ болон Засаг дарга, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын салбар зөвлөлийг байгуулж, уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжид үзлэг шалгалт хийж, ард иргэдийн зүгээс ирж байгаа санал, гомдлыг хүлээн авч барагдуулан зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа  сайшаалтай талууд байна. Мониторинг судалгааны “Фокус бүлгийн ярилцлага”-д Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах, Засаг дарга Б.Самбуу, Хайлааст багийн ИНХ-ын дарга Д.Баянмөнх нар ач холбогдол өгч оролцон цаашид ААНБ-тай хийгдэх “Нийгмийн хариуцлагын гэрээ”-нд ЗЕХ-ийн “Сонсох ажиллагаа”-ны журмыг мөрдлөг болгон хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Ялангуяа анкетын судалгаанд Хайлааст баг, Баянголын малчид иргэд идэвхтэй оролцлоо.

 

Зөвлөмж

  1. Төв аймгийн Заамар сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар Захиргааны ерөнхий хуулийг таниулах, сонсох ажиллагаа явуулах журмын талаар тамгын газрын мэргэжилтнүүд, багийн Засаг дарга болон холбогдох хүмүүсд зориулсан зорилтот бүлгийн сургалт явуулах.
  2. Сум, багийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд, ИТХ-ын  тэргүүлэгчид нар төрийн байгууллагын тангараг өргөсөн үүргээ ухамсарлан Захиргааны ерөнхий хуультай шуурхай танилцаж, захиргааны байгууллагаас гаргаж байгаа гэрээ, акт шийдвэрт ЗЕХ, түүний “Сонсох ажиллагаа”-ны журмыг судлан хэрэгжүүлэх
  3. “Эко Алтан Заамар” ХХК-ны 2018 оны “Нийгмийн хариуцлагын гэрээ”-г байгуулахдаа ЗЕХ-ийн “Сонсох ажиллагааны журам”-ыг мөрдлөг болгох.
  4. Төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлаас орон тооны байгаль хамгаалагч, улсын байцаагчдыг авч ажиллуулах боломжгүй байгаа тохиолдолд уул уурхайн компануудын байгаль орчинд үзүүлж буй сөрөг үйл ажиллагаанд олон нийт, ТББ-ын хүч, бололцоог ашиглах санал, санаачлагатай, үр дүнтэй ажил зохион байгуулах.
  5. “Эко Алтан Заамар” ХХК-тай хамтарч ажиллах үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөж гэрээнд хавсралтаар оруулах
  6. “Эко Алтан Заамар” ХХК-ийн орон нутагтай холбоотой асуудлаар шаардлагтай мэдээллийг тухай үед өгч байх төлөөлөгчийг гэрээнд оруулах

 

Бодлого боловсруулах үйл явцад иргэдийн бүтээлч оролцоо нэмэгдсэнээр төрийн бодлого нийтийн эрх ашигт илүүтэй нийцэж, тэр хэрээр олон нийтийн дэмжлэг хүлээж, тогтвортой хэрэгжиж, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах нэг үндэс бүрэлдэнэ.

Заамар сумын нийт ард иргэдэд хуулиа дээдлэн хэрэгжүүлж,

байгаль орчноо хамгаалах үйлсэд АМЖИЛТ хүсье!

 

“Энх ногоон” ТББ

 

2017 оны 11 сарын 25

LAST_UPDATED2
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Хэрэглэгчийн хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр154
mod_vvisit_counterӨчигдөр229
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт383
mod_vvisit_counterӨмнө долоо хоногт1608
mod_vvisit_counterЭнэ сард6208
mod_vvisit_counterӨмнө сард7485
mod_vvisit_counterБүгд157003

Онлайн гишүүн

Одоогоор 6 зочин холбогдсон

Суманд хийгдсэн ажлууд