• 70276811
  • 2021zaamar@gmail.com
Эрүүл мэндийн төв

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Заамар сумын эмнэлэг нь 1937 оны хавар Баржингийн жас дээр байгуулагдаж тус сумын харъяат Аръяагийн Норжин гэдэг эмэгтэй сувилагчийн курс төгсч ирээд анхны эмчээр ажиллаж энэ эмнэлгийн тулгын чулуу тавигдсан түүхтэй.1939 онд “Бэлхийн өндөр дэнж” гэдэг газарт Галт бадрах сумын төв байгуулагдаж Ууцарын хийдийн зүүн аймгийн дуганыг буулгаж Дайрангийн Чүлтэм гэдэг хүн үхэр тэргээр зөөж авчирч эмнэлгийн 2 байр барьсан. 1963 оны 07 сард тус сумын харьяат Лувсангийн Цэгмид УБ хотын ЭМДуС-ийг эх баригч бага эмчээр төгсч ирээд 1968 оны 07 сар хүртэл бага эмчийн салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад их эмчийн салбар байгуулагдаж Тогтох гэдэг их эмчид салбарын ажлыг өгч их эмчийн салбар анх байгуулагдсан. 1968 онд одоогийн МСҮТ-ийн урд 12 өрөөтэй пийшингээр галладаг эмнэлгийн байрыг хятадууд барьж хүлээлгэн өгсөн. 1970 оноос орон сууцны 2 байранд шилжин орж эмнэлгийн болон өвчтөний орчин ахуй сайжирсан. 1997 оны 12 сард одоогийн эмнэлгийн барилга ашиглалтанд орж, 4 ээлжийн галчтай уурын зуух галладаг байсан. 2009 онд тус эмнэлгийн барилга Азийн хөгжлийн банк, “Эрүүл мэндийн салбарын хөгжил-3” төслийн хүрээнд 103 сая төгрөгний их засвар хийгдэж, уурын зуух татан буугдаж, “Ану сервис” ХХК-тай гэрээ хийж, төвлөрсөн халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдсон. 2015 оны 08 сард тус эмнэлгийн хойд талд эмнэлгийн өргөтгөсөн барилга ашиглалтанд орж, “Уулс заамар” ХХК 41 сая төгрөгний засвар үйлчилгээг нийгмийн хариуцлагын гэрээний дагуу хийж хүлээлгэн өгсөн. 2018 онд орон нутгийг хөгжүүлэх сангаас 84 сая төгрөгний засвар үйлчилгээ, 2019 онд Хайлааст багт улсын төсвөөр шинэ 10 ортой эмнэлэг баригдан ашиглалтанд орж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 1971-1980 он хүртэл бага эмч Л.Цэгмид, бага эмч Авирмэд, их эмч Балжинням, Ядамсүрэн, Балдорж, Маналсүрэн нар салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад 1980-1984 онд О.Хишгээ, 1984-1988 онд П.Оролгоржав, 1988-2006 оны 5 сар хүртэл С.Даваа, 2006-2007 онд Ц.Пүрэвсүрэн, 2007-2008 онд Г.Пүрэвдорж, 2008 оны 08 сараас 2009 оны 01 сар хүртэл Ц.Пүрэвсүрэн, 2009 оны 1 сарын 23-аас 2011 оны 3 сар хүртэл С.Даваа, 2011 оны 3 сараас  их эмч Б.Хадбилэг, 2018 оны 01 сараас 2019 оны 4 сар хүртэл их эмч Б.Ганчимэг, 2019 оны 4 сараас эхлэн их эмч Ч.Баярсайхан  нар салбарын эрхлэгч болон даргаар ажиллаж байна.

            Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд нь 1961 оноос сувилагч Д.Норжин, Ц.Батсүх, О.Цэндзэсэм нар мэргэжил эзэмшсэн цагаасаа эхлэн энэ эмнэлэгтээ ээлжийн сувилагч, эмийн санч нярав мэт бүхий л ажлыг хийж гүйцэтгэж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан гавъяатай буурлууд юмаа. Эдгээр ахмадуудын халаа болж он удаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа лаборант А.Алимаа, сувилагч С.Энхнаран нар сургууль төгсч ирээд ажиллаж байна. 2001 онд сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт батлагдаж манай сумын эмнэлэг үйлчлэх хүрээний хүн амын тоо, орон тоо, тусламж үзүүлэх мэргэжлийн хүрээгээрээ 1-р зэрэглэлийн эмнэлгийн бүтцээр ажиллах болсон.

Одоо манай сум 2022 оны байдлаар 5858 хүн амтай, засаг захиргааны 4 багтай. Эмнэлгийн тусламж үйлчилгээг ЭМТ-ийн дарга-1, их эмч-6, багийн эмч-3, эх баригч-2, статистикч эмч-1, НЭМА-1, нягтлан бодогч-1, эмийн санч-1, лаборант-1, сувилагч -9, тогооч-2, жолооч-2, нярав, угаагч-1, үйлчлэгч – 4 бүгд 35 орон тоотой ажиллаж байна.  2004, 2006, 2010, 2014, 2018, 2021 онд 6 удаа магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн гэрчилгээг авсан.2019 онд сумын болон аймгийн аварга хөдөлмөрийн аварга хамт олноор, 2021 онд аймгийн хөдөлмөрийн аварга хамт олноор шалгарсан.

ЭМНЭЛЭГ

  • Эрүүл мэндийн төв
  • Төвийн багийн нэгдүгээр хороонд байршилтай
  • 20 ортой
  • 6 их эмч, 9 сувилагч нийт 35 ажиллагсадтай.
2022-06-16 20:16:27