• 70276811
  • 2021zaamar@gmail.com
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН БАТЫН СОДНОМ.

 

 Содном гуай 1910 онд малчин ард Батын гэр бүлд Түшээт хан аймгийн Жонон гүний хошуу “Түнжин” отгийн нутагт “Тосонгийн гол гэдэг буюу одоогийн Төв аймгийн Заамар суманд төржээ. Содном багадаа их алиа зүггүй хүүхэд байлаа. Үхэр сүүлдэж хөлийг нь боогоод ээж, ааваасаа айхдаа бага гэрт нуугдаж байсан юм. Түүнийг багад нь үзүүлнэ гээд Богдын хүрээрүү Нямдорж ах нь аваад явсан.

Б.Содном 1933 онд Хэвлэлийн хороонд зураачаар ажилдп орж улмаар Соёлын ордны жүжигчин, туслах ба жинхэнэ найруулагч, орлогч дарга хүртэл дэвшин ажиллаж байгаад 1940 оноос Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудийн театр, соёлын орднуудад найруулагч бүжигчнээр 1943 онд Улсын циркийн инээдмийн жүжигчин, 1948-1953 он хүртэл Завхан аймагт найруулагчаар тус тус ажиллаж байжээ. 1953 оноос эргэж Улсын цирктээ орж Ж.Данзантай “Толь” антре тоглосноор алилагчийн уран бүтээлээ эхэлсэн гэдэг.

Б.Содном циркийн алиалал, драмын жүжгийн уран чадварыг гойд сайн эзэмшсэн хосолмол авъяастан байлаа. Ардын жүжигчин Ж.Данзантай хоршин тоглосон Юндэн, Нансалмаа, Отелло, Дездемон, Чөлөөт бөх, Согтуу тэмээ, Гэрлэлтээ бүртгүүлсэн нь зэрэг бүтээлүүд нь манай үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ.

Б.Содном “Бүтэлгүй дарга”, “Мэргэн буудагч”, “Усчин”, “Анчин”, “Лектор”, “Ухаантай чоно”, “Бантан” зэрэг 100 гаруй шог гараа циркийн олон үзэгдлүүд найруулан тоглож, олон кинонд өөрийн гэсэн өвөрмөц дүр бүтээснийг үзэгчид өнөөг хүртэл бишрэн дурссаар явна.”Тарваган тахал”, “Баатар Гонгор”, “Сүхбаатар”, “Бидэнд юу саад болж байна”, “Зэрэг нэмхийн өмнө”, “Хүний мөр”, “Хүргэн хүү” зэрэг кинонд түүний үлдээсэн дүр инээд наргиантай, басхүү их сургамжтай дүрүүд билээ. Олон түмэн алиа Содном хэмээн алдаршсан ийм нэгэн хүн манай нутагт төрсөн түүхтэй.

Б.Содномын урлаг соёлын хөгжилд оруулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Улс хувьсгалын ойн хүндэт медалиуд ба БНМАУ-ын гавьяат жүжигчин цолоор 1958 онд ту тус шагнагджээ. Түүний үр хүүхэд, удам ургийнхан Улаанбаатар хот болон, Төв аймгийн Заамар болон Батсүмбэр сумдад ажиллаж амьдарч байна.

2022-06-21 15:01:24